Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

Даланжаргалан сумын танилцуулга

2014-10-13

ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА
Даланжаргалан сум Ардын хувьсгалын ялалтын дараахан нутгийн захиргаадыг байгуулахад Хан Хэнтий аймгийн Оцол сансар уулын хошуунд харьяалагдаж байгаад 1924 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн V тогтоолоор “Даланжаргалан сум” нэртэйгээр Боржигон Цэцэн вангийн хошууны нутаг "Элдэв" хэмээх газарт байгуулагдсан юм. Сумын анхны даргаар Шар хэмээх Дашдэндэв сонгогдон ажиллажээ. 1931 онд Дорноговь аймгийг байгуулахад тус аймагт харьяалагдан 1957 онд одоогийн төвлөрч байгаа Цомог хэмээх газарт суурьшсан байна. Тус сум 404.5 мян.га газар нутагтай, нутгийнхаа баруун болон хойд талаараа Дундговь, Говьсүмбэр, Хэнтий аймгуудтай, бусад талаараа өөрийн аймгийн Айраг, Иххэт сумдтай хиллэн оршдог. Нийслэл Улаанбаатар хотоос 300 км, аймгийн төв Сайншанд сумаас 156 км-т төвлөрдөг.
Даланжаргалан сум нь засаг захиргааны анхан шатны Элдэв, Өнгөт, Бичигт, Цомог, Олон-Овоо гэсэн 5 нэгжтэй,  2700 хүн амтай, 821 өрхтэй, 126,7 мян.толгой малтай, эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй, сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар цоо шинээр үүсэн хөгжиж байна. Сумын нутаг дэвсгэрээр Монгол орныг дамжин Ази Европ тивийг холбосон авто болон төмөр зам дайран өнгөрдөг төдийгүй, их хөлийн газар юм.

Тус суманд ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, 300 гаруй сурагчидтай 9 жилийн болон бага сургууль, эрүүл мэндийн төв, 143 хүүхэдтэй “Номт ирээдүй” цэцэрлэг, соёлын төв, цагдаагийн хэсэг, Сүгмэл эм эргэлтийн сан, Зэвсэгт хүчний 281-р байгууламж зэрэг төрийн байгууллагууд, Боржгинтуяа хоршоо, Чандмана түрүү хоршоо, хувийн хэвшлийн Их жаргалан трейд, Говь оюу уул, Их голын говь, НИК, Чулуутдаваа, Дэлгэрэх-Уран-Эрдэнэ, Тэгшбаярлах, Даланчандмана, Мишээл арвижих, Налгархайрхан, Даланжаргалан оюу зэрэг ХХК-ууд, Эндвет ЗБН, Түмэнсүрэгмэндсайхан, АМАНА зэрэг ХХК-ууд хувийн мал эмнэлгүүд, Их Нартын БНГ-ын хамгаалалтын захиргаа, ХААН болон Төрийн банкууд, Ахмадын хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Залуучуудын холбоо, ҮЭХолбоо, МАН-ын хороо, Ардчилсан намын хороо зэрэг ТББ-ууд, УБТЗ-ын харъяа Цомог, Олон-Овоо, Өлзийт зөрлөгүүд, Чулуун заводын үйлдвэр, МАК ХХК-ны “Элдэвийн нүүрсний уурхай”,  Хагас коксын үйлдвэр, Өндөр буянт, Гермесгахиур, МАК ХХК-уудын Цементийн үйлдвэрийн төслүүд, Кевин инвест ХХК-ны жонш баяжуулах үйлдвэр, нүүрс олборлож буй Чингэсийн хар алт, Штайнколе, Пауэрленд ХХК-ууд, төмрийн хүдэр олборлох МГМК ХХК, жонш олборлох Талст дөл, Тэнүүн байгаль ХХК зэрэг албан байгууллага, ААН-үүд, ХХК-ууд байнгын үйл ажиллагаа явуулж байна. Даланжаргалан сум усан болон утаат болор, чүнчигноров, гартаам, мана, өнгөт чулуу, төмрийн хүдэр, хайлуур жонш, нүүрс, хүрмэн чулуу, бал чулуу, шохойн чулуу, барилгын материалын түүхий эд  зэрэг ашигт малтмал элбэгтэй. 

АМЬТНЫ АЙМАГ, ТҮҮНИЙ ХАМГААЛЛЫН ТАЛААР


Амьтны аймгаар нэн баялаг бөгөөд үслэг амьтдаас чоно, үнэг, хярс, мануул, туулай, өмхий хүрэн, дорго, тарвага, туурайтнаас цагаан зээр, хар сүүлт, дэлхийд нэн ховордож “Улаан ном”-д бичигдсэн аргаль янгир сүргээрээ нутагладаг. 2001оноос эхлэн “Их нарт”-ын байгалийн нөөц газарт “Их нартын хамгааллын менежментийг сайжруулах” урт хугацааны судалгааны төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төсөлд Орос, Англи, Герман, Америк, болон Монголын судлаачид, оюутнуудын оролцоог өргөжүүлэн, хамгааллын талаарх дүгнэлтүүдийг гаргах, олон улсын болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдол үзүүлж байгаа төдийгүй Монгол Улсын ШУА-ийн биологийн хүрээлэнтэй хамтран “Их нартын нөмрөг тас” “Их нартын жижиг махчид”, “Их нартын мэрэгчид” “Их нартын ургамалжилт” төслүүдийг хэрэгжүүлж, судалгаа шинжилгээний ажил хийгдэхийн зэрэгцээ Их нартын байгалийн нөөц газартай адил төстэй нөхцөлд ажилладаг паркуудыг хайж улмаар АНУ-ын Калифорни мужийн “Анзо Боррего” цөлийн паркийн захирлыг урьж, сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Энэ харилцаа“Эгч дүү парк” гэж албан ёсоор нэрлэгдсэн ба энэ талаар Калифорни мужийн амбан захирагчийн хуулийн зөвлөх хатагтай Линда тус суманд айлчлахдаа Калифорни мужийн улсын тусгай хамгаалалттай газар нь гадаадын тусгай хамгаалалттай газартай “Эгч дүү” болсон анхны тохиолдол болон түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ” хэмээн үнэлсэн юм.

АРЫН ЦАГААН ДАРЬ ЭХ

Боржигин нутгийн зүүн жанжин Чойрын хийдийн цогчин дуган байсан газраас урд талд холгүй гол дуганы үүд голлуулан уралсан арын Цагаан дарь эх хэмээх хадны бурхан олон жилийн турш сэвтээ нь үгүй ур ухааны цогцолбор болон гэрэлтсээр байна. Нар тоссон хүрэн хадан байцсын ард хаднаас ургуулсан долоон тохой хагас өндөр талбайд товойлгон сийлсэн нь түүнийг урлан бүтээсэн хүний сүсэглэх дотоод сэтгэлгээний ур чадвар хичнээн өндөр төвшинд байсныг илтгэх билээ. Энэ хүү бүтээл нь 19-р зууны эхэн үе 1820- иод онд бүтээгдсэн сүрлэг сайхан бүтээлийг нутгийн настангууд үе дамжин домог болгон дуурссаар иржээ. Энэ бүтээл нь хагас ингэмэл бөгөөд 245-см, 170-см  хэмжээтэй хамгийн гүн ухлаас нь 18-орчим см сүрлэг том бүтээл юм.

ХҮҮХДИЙН ОВОО
Чойрын богд уулын баруун хойно Мухарын амны харалдаа Хүүхдийн овоо гэж хэсэг цайвар чулуу бий. Одоо тэр чулуу  хадаг яндар болсон хүний гараар бүтсэн чулуугаар дугуйлж өрсөн хэн  боловч анзаарахаар газар болжээ. Энэхүү овоо нь эрт дээр үеэс Хүүхдийн овоо гэж Боржигин хошуунд шүтэгдсээр ирсэн бөгөөд овооны тахилга болгож хүүхдүүд уралдуулж  хувь хишиг өгдөг байжээ. Одоо бол хүмүүс чулуун тоглоомын гэр дугуйлж шүтсээр байна. Энэ нь хүүхдүүдэд болон түүний дотроос айлын ганц хүүд маш сайн гэж хэлэлцдэг. Мөн Цагаан дарь эх болон Давгасүндэл бурхантай дүйцэх шүтээн гэж хүндлэн шинээр гэр бүл бологсод очиж сүсэглэдэг болжээ. Зүүн чойрын хийдэд шавилан сууж байсан Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат Довдонгуай хуучлан ярихдаа: Сансар хайрхан, Чойрын богд ууланд гарч хүндэтгэл үзүүлэхээс өмнө эхэлж хүүхдийн овоонд мөргөж хүндэтгэл үзүүлэх ёстой юм шүү гэж яриад учир нь Хүүхдийн овоо бол дээрх хайрхануудын  эхлэл буюу эх уул юм.

ХАЛЗАН УУЛЫН РАШААН СУВИЛЛЫН ГАЗАР
Халзан уулын амралт сувиллын газар нь Улаанбаатар хотоос төмөр замын 22 дугаар зөрлөгөөс 40 гаруй км зайд эрт галавын хүрмэн чулуу, хайлмал царцдаас тогтсон хад асга, өнгөт чулуу бухий холбоо хоёр өндөрлөг байдаг. Холдоо бараатай говийн намхан уулын нэр нь Халзан-уул. Уулын баруун сугаас дэлхийд ховор рашаан булаг оргилон гардаг. Булаг зүтгэн зүтгэн жирэлзсээр элсэнд шургаж шавар намаг үүсгээд наранд хатаж оргүй болно. Цааш говийн их тал, хүрэн хөндий үргэлжлэх бөгөөд бороотой жил томоос том нуур тогтдог бол хур чийг багатайд шавар марз төдий болно.1960, 1970-аад онд Чойрт төвлөрөн манай тал хээрт геологийн тандалт судалгаа хийж байсан Оросын гиологичид анхлан энд өрөмдлөг хийсэн аж. Нэгэн өрмийн цооногоос шүлтлэг исгэлэн ус оргин гарчээ. Тэд мэдээж дээж авч шинжилгээнд явуулжээ. Төмөр, зэс, магни, хүхэр, цахиур зэрэг эрдэс бодис агуулсан рашаан ус болох нь тогтоогдож анх үйл ажиллагаа 1989 он амралтын сувилалын газар болон байгууллагдсан түүхтэй. Рашаан нь нө­хөн сэргээх, физик эмчилгээ, бариа засал зэрэг үйлчилгээ үзүүлж эмчилгээ нь дотор эрхтэн, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд тустай бөгөөд цусанд дахь сахарын  хэмжээг маш сайн бууруулдагаараа Монгол услад төдийгүй дэлхийд тэргүүлдэг рашаан Халзан уулын рашаан сувилал нь тал хээр говийн бүсийн заагт Ноён-уул, Хатан-уул, Гүнж-уул, Шар хад зэрэг толгодуудын дунд  Их нартын хаднаас 10 км зайд оршдог. Зуны улиралд үйл ажиллагаа явуулдаг  бөгөөд монгол орны өнцөг булан бүрээс ирж амралт сувилалын газарт эмчилгээ  сувилгаа хийлгэхээр ирдэг амрагч  ихтэй их хөлийн газар билээ.

ДАЛАНТҮРҮҮ АМРАЛТ СУВИЛАЛЫН ГАЗАР
Даланжаргалан сумын “Өнгөт” багт байдаг Далантүрүү рашаа нь  далан төрлийн рашаан ус, бор, шар шавар зэрэг хүний биед эмчилгээ  болдог рашаан ус  юм.
Анх 1962 оны намар нэгдлийн дарга И.Аюуш санаачлагаар Далан түрүүний гол урсдаг ургамал ус жигдэрсэн рашаан устай газарт 3 гэр барьж тухайн үедээ нэгдэлдээ ажил үйлсээрээ шалгарсан сайчуудаа амрааж Далантүрүү амралт газрын шавийг тавьсан түүхтэй.
1964 онд сум орон нутгийн ард иргэдийг рашаан ус, шавраар ардын эмчилгээ хийж амраан сувилах зорилгоор сумын их эмч Дагвасамбуу санаачлагаар И.Аюуш дарга сумын амралт сувиллын газар болсон. 1967 онд Дорноговь аймгийн даргын шийдвэрээр аймгийн бүх сумд мал хөрөнгөө хоршин нийлүүлж “Нэгдэл дундын үйлдвэр”-ийн рашаан амралт болгон өргөжүүлсэн.
Амралтын барилга байшин барих ажлыг “Нэгдэл дундын үйлдвэр”-ийн барилгын Ё.Ням даамалтай бригад ирж амрагчдын гал тогоо, тоглоом, бүжгийн заал, амрах байр, уурын зуух, гадна талбайн тохижилт зэргийг барьж байгуулсан. Тэр үеэс эхлэн Ням гуайг ард түмэн дундын Нямаа гэж нэрлэн Амралтын газрын дарга, нягтлан, нярав зэрэг ажлыг хийж байгаад тэтгэвэртээ гарч одоо хүртэл энэ нэрээрээ ард түмэндээ хүндлүүлсэн сайхан азай буурал энэ нутагтаа амьдарч байна.
Амралт нь  мал аж ахуй үржүүлэн 3000 гаруй, туслах аж ахуй гахай, тахиа үржүүлэн амрагчдын хүнсэнд хэрэглэх, хүнсний ногоо тариалж амрагчдын хоол хүнсэнд хэрэглэх, орчин тойрноо тохижуулж улиас, бургас тарьж рашааныхаа гольдригоор урсаж байгаа усаар нуур цөөрөм байгуулж амрагчдын тав тухтай амрах орчинг бүрдүүлж дэд бүтцээ сайжруулж 24 цагийн тогтой болж, шинэ байр барьж ашиглалтад оруулснаар амарч сувилуулах иргэдийн тоо нэмэгдэн рашаан амралт өргөжиж ирсэн.
Тэр үед амралтыг үе үеийн сайн дарга нар удирдан ажиллаж байсан хүмүүсээс дурдвал: Сэжив, Мавган, Пяранлай, Лхамсүрэн, Мухарцагаан, Маам, Хандаа, Данзан-Яринпил, Очир зэрэг хүмүүс амралтын даргаар ажиллаж удирдан зохион байгуулж, ард иргэдээ эмчлэн анагаах салбарт их эмч Банди, Сиймаа, сувилагч У.Ичинноров, Бадамсүрэн, Эрдэнэчимэг, бариа засал, зүү төөнүүрийн эмч А.Оюунцэцэг, санхүү хариуцсан ня-бо Цэвэлмаа, Лүндээ, Маналжав, соёл олон түмний салбарт Цэрэндаш, Цэвээнлувсан, Энэбиш, Механик П.Мөнхөө, трактоын жолооч Ц.Төмөрсүх, МАА-н салбарт Б.Чулуун, Гэлэгжамба, Хандаа ,амрагчдыг амт чанар сайтай хоол цай, тав тухтай амрах нөхцөл бололцоогоор хангадаг үйлчилгээний ажилчид тогооч Маам, Намжилмаа, Ч.Нарантуяа, үйлчлэгч Ц.Цогзолмаа, Г.Пүрэвбаатар, Хөнхөр зэрэг маш олон ажилчид ажилладаг байсан.
Одоо Далантүрүү амралтыг нутгийн уугуул сумын МАХН-ын хорооны дарга агсан Жамбачоймболын хүү Ж.Энхсайхан, түүний эгч Ж.Энхтуяа, Энхтайван нар ажиллуулж байна. Өнгөт багийн төв Далантүрүүнд байршдаг багийн иргэд Далантүрүү нөхөрлөл байгуулан төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарьж ургуулан Бор-Өндөр, Даланжаргалан сумдын иргэд, малчдад экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангаж байна. Нөхөрлөлийн ахлагч Л.Лувсанпүрэв удирдан зохион байгуулж 12 гишүүнтэй төмс хүнсний ногоо ,жимс жимсгэнэ тарьж ургуулан “Дорноговь түншлэл”-2009,2011,2013 онуудад гранпри шагналыг авч аймгийн Засаг даргын “Шилдэг сум” өргөмжлөл авч аймгийн “Тэргүүний тариаланч” цол тэмдэгтэй 2009 оны аварга Б.Цэрэндолгор, 2010 оны аварга Л.Лувсанпүрэв, 2011 оны аварга Ц.Бат-Очир зэрэг тэргүүний тариаланчид олон бий.

ИХ НАРТЫН ХАД
Даланжаргалан сумын нутагт орших Их нартын хад нь говийн аргалийн байршил нутгийн хамгийн зүүн хойд хил бөгөөд байгаль, түүхийн дурсгалт зүйл ихтэй Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг учраас 1996 оны УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан байна. Энэхүү байгалийн нөөц газарт Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Америкийн Денвер хотын амьтан судлалын сан хамтран 2001 оноос урт хугацааны судалгааны  төслийг хэрэгжүүлж байна. Байгалийн мужлалаар говийн бүсэд багтах боловч нутгийн баруун хойд хэсэг нь хээр талын бүсэд хамаарна. Говь хээр хосолсон цөлөрхөг хээрийн энэ бүсэд хотгор гүдгэртэй нам дор болон хад чулуурхаг, элэгдэж эвдэрсэн хавцал, толгодорхог, уулархаг газрууд байдаг. Хуурай, эх газрын уур амьсгалтай, байнгын хүчтэй салхи, шороон шуурга нь тухайн бүс нутгийн ургамал амьтны аймагт их нөлөөлдөг. Говьд усан хангамж бага байдаг боловч Их нартын хөндийд цэнгэг хүйтэн уст булаг шанд их бий.
Эдгээр булаг шанд нь сайранд шингэн орох боловч  хэдэн зуун метрийн цаанаас дахин оргилон гардаг. Зарим булаг нь их хур борооны дараа ил гарч урсдаг. Мөн горхи, булаг шанднаас гадна худаг ус, улирлын чанартай жижиг нуур цөөрөм тус нөөц газарт элбэг байдаг. Худгууд нь нутгийн зүүн хэсэгт, булаг шанд, жижиг горхиуд нь нутгийн баруун хэсэгт илүү төвлөрсөн байдаг. Их нартын булаг шанд, худгийн уснууд маш цэнгэг байдаг боловч жижиг нуур цөөрмийн ихэнх нь уухад тохиромжгүй устай байдаг. Гэвч зэрлэг амьтадын хувьд усны чухал нөөц төдийгүй ховор усны шувуудыг харж болох тохиромжтой газар юм. Халзан уулын рашаан гэх мэт янз бүрийн өвчин анагаах чадалтай рашаан усны нөөцүүд бий.
Их нартын хадан ууланд нь дэлхийд алдартай ховор зэрлэг хонь аргаль угалз элбэг байдаг бол янгир ямаа харьцангуй цөөн бий. Цагаан зээр, хар сүүлт зэрэг нь улирлын чанартай тохиолдоно. Хулан адуу Их нартын өмнө хэсгээр зарим зун тааралдана. Чоно, шилүүс, мануул, үнэг, хярс, халздай дорго, өмхий хүрэн, үен, дэлдэн зараа, дагуурын зараа, атаахай, чичүүл, алаг даахай, үхэр огодой, боролзон туулай, хээрийн болон хадны борогчин, хэдэн зүйлийн гар далавчтан зэрэг жижиг хөхтөн амьтад бий. Их нартын хад, цохионы ангал, ан цавуудад олон зүйлийн шувуудын үүр байдаг нь энд жигүүртэн шувууд амьдрах нөхцөл сайн бүрдсэн байгааг харуулж байна.
Өвслөг ургамлууд нь тухайн бүс нутгийн 35 хувийг эзэлдэг. Алтлаг холтостой тарваган харгана, хээрийн бариулт бүйлс зэрэг ховор ургамал ургадаг. Бариулт бүйлс нь үрээр хооллогч мэрэгч амьтад болон навч мөчрийг нь иддэг туруутан амьтадын идэш тэжээлийн чухал эх үүсвэр болно.
Их нартын хаданд Хульхан ам, Шинэ усны ам, Хөх усны ам, Элсний ам, Гурван хоногийн ам, Улаан хадын ам, Есбүү, Арслан хад, Сэнжит хат, Элсэт дэл зэрэг булаг шанд, мод буттай байгалийн үзэсгэлэнт газрууд байхаас гадна жанжин Чойрын Их Нартын туурь зэрэг түүх, соёлын дурсгалт газрууд байдаг.
Их нартын хаданд 33 хөхтөн амьтан, 6 мөлхөгч амьтан, 125 шувуу, 200 гаруй төрөл зүйлийн ургамал, 70 гаруй төрөл зүйлийн шавь байдаг

СУМЫН ҮЗЭСГЭЛЭНТ БОЛОН ДУРСГАЛТ ГАЗРУУД
Сумын нутагт далайн түвшнээс дээш 1878 м өргөгдсөн Чойрын Богд уул,Их  Хонгор уул,Бага хонгор уул,Баянцогт уул,Өлгий уул, Идэр майхан уул, Их нартын хад, Халзан уулын болон Далантүрүүний рашаан амралт, Бургасны ам, Буйлсны ам, Хуурайн ам, Улаан хадны булаг, Сэнжит хад, Арслан хад, Ембүү хад зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар элбэг. Тус суманд “Далантүрүү, Халзан уулын рашаан амралт, “Бургасны ам, Буйлсны ам, Сэнжит, Монголын хад, Арслан хад, Их хонгор, Жаргалан”-гийн уул зэрэг байгалийн үзэсгэлэнт  газрууд байх ба 13 дугаар зууны үеийн булш бунханыг хадгалсан “Их нарт”-ын хад, хуучин цагт цэрэг дайны хөл хөгжөөн болж байсныг гэрчлэх “Мөнх толгой” “Өөлд таван толгой” Гамин цэргийн булаан эзлэгчид монголын үр удмыг таслах бодлогоор 100 эхийг цаазлан хороосон гэгдэх "Зуумайн-Ухаа” Боржигон хошууны үе залгамжилсан 7 ноёны шарилыг оршоосон “Их хонгорын уул” эрдэм номын дуу хадаж байсан “Их нарт”-ын болон зүүн “Чойр”-ын хийд, сумын төв нэгэн цагт төвлөрч байсан төмөр утасны хорооны туурь зэрэг түүхийн дурсгалт газрууд олон байдаг ба бургасны амнаас 2007 онд 13-р зууны үеийн язгууртан эмэгтэйн шарил, хувцас хэрэглэлтэйгээ олдож шинжилгээ судалгааны ажил хийгдэж байна.
 
УУР АМЬСГАЛ
Тус сум хүйтэн, хуурай урт өвөл, харьцангүй чийглэг богино зунтай эх газрын эрс тэс уур амьсгалтай,7 дугаар сард дулааны дундаж хэм 25 градус, 12 дугаар сард 21 градус хүрч хүйтрэх ба хүйтний хугацаа 2 сар үргэлжилдэг,цаг уурын  дорнодын мужид хамаардаг.
Урин дулааны улиралд +10 градусаас дээш хугацааны нийлбэр 2000-2800 градус,ургамал өсч хөгжих үе 120-130 хоног байх ба ургамал ургалтын үед 120-170 мм тунадас унадаг. Хур тундасны жилийн дундаж 165 мм бөгөөд үүний 10 мм нь 11-3-р сард, 155 мм нь 4 -10 дугаар саруудад унадаг бол жилийн туршид гол төлөв баруунаас хүчтэй салхилах бөгөөд салхины хүч нь хавартаа /4-5-р сар/ ширүүсдэг,шороон шуурга болохын өмнө нар хүрээлэн бүдгэрч тэнгэр улбар шар өнгөтэй болдог.

УРГАМАЛ, АМЬТАН
Нутаг орны байгалийн онцлогоос шалтгаалан манай суманд хөхтөн 35 зүйл, 124 зүйлийн шувуу, 7 зүйл хэвлээр явагчид амьдардаг. Олон зүйлийн шавж,аалз, аалз хэлбэртэн, мөн бусад сээр нуруугүйтний зүйлүүд манай суманд байдаг.
Ургамлын хувьд цөлөрхөг хээрийн бүлгэмдэл зонхилно. Шарилжны төрлийн ургамлууд түгээмэл тохиолддог ба үүнээс хамгийн элбэг болох агиас шаргал шарилж, олон зүйлийн цэцэгт ургамлаар баялаг.
Тухайлбал: Цахилдаг, сараана, гоо юлт, 2 наст гол гэсэр, сэдэргэнэ, хонгорзул, сөөгөн эмгэн шилбэ, имт гичгэнэ, хатны шар цэцэг, баглуур,өргөст бутаргана, үлтэн могон итээ, ногоон удвал, улаан бударгана зэрэг байдаг. Харин хуурайшилтай жилүүдэд өвслөг болон бутлаг ургамал нилээд тэсвэртэй ургадаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%