Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бол аль нэг намын бус иргэн таны төлөөлөл

2016-03-23

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарь томорч нэгжийн шат өсөх тусам нийслэл, аймаг, дүүрэг, сумын эрхлэх асуудлыг иргэд бүх нийтээрээ хуралдан шийдвэрлэх боломжгүй болдог. Ийм учраас иргэдээ төлөөлөх, тэдний дуу хоолой болох, эрх ашгийг нь хамгаалах байгууллага Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний тэргүүлэгчдийг сонгон ажлуулдаг. Бид төрдөө татвараа төлж төр харин бидний татварын мөнгөөр улс орны нийт ард түмэнд буюу нийгэмд тэгш шударгаар төрийн үйлчилгээг тодорхой салбаруудаар дамжуулан үзүүлдэг. Төрийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй шударга үзүүлж буй эсэхэд таныг төлөөлөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчид хяналт тавьж, таны эрх ашгийг хамгаалахын тулд ажиллаж байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлд "62.1. Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.", " 62.2. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно." гэж заасан. Энэ бол орон нутгийн Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын эрх зүйн байдлыг бататгасан хууль зүйн тулгуур ач холбогдолтой үндэслэл юм. Түүнд:
- тухайн нутаг дэвсгэрийн хэмжээний
- эдийн засаг ,нийгмийн амьдралын асуудлыг
- бие дааж шийдвэрлэх
- улсын асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулах гэсэн шалгуурыг тодорхойлсон байдаг. Энэ нь өөр өөрийн утгатай. Жишээлбэл: " эдийн засаг, нийгмийн асуудал" гэсэн нь Нутгийн Өөрөө Удирдах Байгууллага улс төрийн харилцааны зарчмын асуудлыг шийдвэрлэхгүй гэсэн утгатай ба өөрөөр хэлбэл орон нутагт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг " Улс төржүүлэхгүй "гэсэн хязгаарлалт юм. Хуулийн хүрээнд нутаг дэвсгэрийн хэмжээнд дагаж мөрдөх дүрэм, журам, хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөө, хөтөлбөр батлан гаргах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжид хяналт тавих, сум орон нутгийн шинж чанартай аливаа асуудлыг иргэдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх нь Нутгийн Өөрөө Удирдах Байгууллага буюу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үндсэн үйл ажиллагаа. Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэх замаар нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжилд хувь нэмрээ оруулах, түүнээс хүртэх, чөлөөтэй идэвхтэй амьдрах эрхтэй. Нөгөөтэйгүүр Иргэний оролцоо нь нэг талаар иргэний эрхийн баталгаа, нөгөө төлөөр иргэний үүргийн шалгуур юм. Иргэд өөрсдөө идэвхтэй байж өөрсдөө эсвэл Багийн Иргэд Нийтийн Хурал, Иргэний танхим, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа дамжуулан төрийн байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих, мэдээлэл олж авах, орон нутгийн удирдлага шийдвэр гаргахад оролцох хэрэгтэй.
                                                                                     ". . . Иргэний оролцоогүй иргэний нийгэм гэж байж болохгүй,

Хүний оролцоогүй хүний нийгэм гэж байж болохгүй"
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн
Элбэгдоржийн хэлсэн үгнээс

Монгол Улсын үндсэн хуулийн тавин есдүгээр зүйлд:
59.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.
59.2. Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.
хэмээн заасан байдаг.
Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлд:
8.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална.
8.2.Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн.

                     "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төлөөлөгчдөд зориулсан сургалтын гарын авлага" УБ хот 2013 он




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%